©2021 он. Баянгол дүүргийн засаг даргын тамгын газар.

Баянгол дүүргийн танилцуулга

Баянгол дүүргийн танилцуулга | Шинэчлэгдсэн: 2021-02-14

Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт дурдсан зарчмуудыг мөрдлөг болгон шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж, ажилтай орлоготой, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, эрх чөлөөтэй, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг ханган ажиллаж, төрийн үйлчилгээг иргэн бүрт шуурхай хүргэх замаар дүүргийн нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад оршино.

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 79 дүгээр зарлигаар Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын харьяа Ажилчин, Найрамдал, Амгалан, Зүүн Сэлбэ, Сүхбаатар, Хоршоолол, Чингэлтэй, Толгойт, Октябрь, Төмөр замын хороодыг татан буулгаж, Сүхбаатар, Октябрь, Ажилчин, Найрамдал гэх 4 раойныг байгуулсан байна. Баянгол дүүрэг нь 1965 онд Октябрын район нэртэйгээр байгуулагдсан. Нийслэл хотод Сүхбаатар, Октябрь, Найрамдал, Ажилчин гэсэн район бий болсноор нийслэл Улаанбаатар хотын засаг захиргааны үндсэн нэгж болох район түүний дотор Баянгол дүүргийн үүсэл, хөгжлийн түүх эхэлсэн билээ. 

Улмаар Монгол Улсад ардчилал, шинэчлэл өрнөсөн 1990 оны эхээр Улаанбаатар хотын дүүргүүдийн засаг, захиргааны байгууллагуудын ажлын ачааллыг жигдлэх, үйлдвэрлэл, үйлчилгээний хэт төвлөрлийг сааруулах зорилгоор УИХ-ын 1992 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “Улаанбаатар хотын район, хороог татан буулгах, шинээр байгуулах тухай “ 18 тоот тогтоол гарч Октябрийн районыг хоёр хуваан Баянгол, Сонгинорхайрхан дүүрэг болгон шинээр зохион байгуулагдаж байсан түүхтэй. Баянгол дүүрэгт 2020 оны жилийн эцсийн байдлаар 63079 өрхийн 231517 хүн амьдарч байна. Засаг захиргааны нэгжийн хувьд 25 хороотой.

Манай дүүрэгт Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийд, Өргөө кино театр, Улаанбаатар палас, МҮОНРТ, UBS телевиз, Төмөр замын дуу бүжгийн чуулга, МҮЭСТО зэрэг соёл, урлаг, түүх дурсгалын төвүүд байгаагаас гадна Рамада зочид буудал, Макс худалдааны төв, Гурвалжин зах зэрэг худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний томоохон зах, төвүүд олноор үйл ажиллагаа явуулж байна.

Манай дүүрэг засаг захиргааны нэгжийн хувьд 25 хороотой ба хамгийн олон хүн амтай хороо нь 3 дугаар хороо 4660 өрхийн 16775, хамгийн цөөн хүн амтай хороо нь 14 дүгээр хороо 1073 өрхийн 4357 хүн амтай ба хүн амын нягтаршил ихтэй дүүрэг юм.

Мөн Дүүргийн хэмжээнд 2020-2021 оны хичээлийн жилд төрийн өмчийн 20 сургууль, төрийн бус өмчийн 29 ерөнхий боловсролын сургуулийн нийт 44203 сурагч төгссөн. 2020-2021 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 29860 хүүхэд элсэн суралцахаар бүртгүүлээд байна.

2020-2021 оны хичээлийн жилд төрийн өмчийн 20, төрийн бус өмчийн 29, нийт 49 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Төрийн өмчийн сургуулийн 1318 бүлэгт 48940, төрийн бус өмчийн сургуулийн 334 бүлэгт 5059, нийт 1652 бүлэгт 53999 суралцагч хамрагдаж байна. Бага боловсролын түвшинд 29860, суурь боловсролын түвшинд 16461, бүрэн дунд боловсролын түвшинд 7678 суралцагч хамрагдаж байна.Төрийн өмчийн сургуульд 2471 төрийн бус өмчид 664 , нийт 3135 багш, ажилтан ажиллаж байна. Үүнээс үндсэн багш төрийн өмчийн сургуульд 1885, төрийн бус өмчийн сургуульд 438 нийт 2323 багш ажиллаж байна.

Дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст бүртгэлтэй, ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо 2021 оны гуравдугаар улирлын байдлаар 852 байгаа бөгөөд тэдний 52,3 хувь нь эмэгтэйчүүд байна. 

Энэхүү вэб дээр орсон мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, эх сурвалжийг дурдалгүйгээр олон нийтэд түгээхийг хориглоно. © 2021 он. Зохиогчийн эрхийг Баянгол Дүүргийн Засаг даргын Тамгын газар эзэмшдэг болно.